Өмнөговь аймгийн Засаг даргын 2020-2024 оны “Нутгийн хишиг” үйл ажиллагааны хөтөлбөр, Өмнөговь аймгийг 2022 онд хөгжүүлэх жилийн төлөвлөгөөний хүрээнд 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн ЗТ-39/2022 дугаартай авто замын зураг төсөл боловсруулах ажлын даалгаврын дагуу Өмнөговь аймгийн Даланзадгад-Булган-Мандал овоо сумдаас Өвөрхангай аймаг чиглэлийн 100км авто замын зураг төслийг боловсруулсан.
Шинээр төлөвлөж байгаа авто замын зурвас талбай Өмнөговь аймгийн Даланзадгад, Ханхонгор, Булган сумдын нутаг дэвсгэрт, Даланзадгад сумын төвийн баруун хэсгээс эхлэн баруун хойш чиглэлтэйгээр Ханхонгор сумын нутаг дэвсгэрээр дайран Булган сумын төвийг өнгөрөн Булган сумын төвөөс зүүн хойш 17 км орчим, нийт 100 км үргэлжилнэ. Булган сумын холбоос зам нь үндсэн замаас Булган сум чиглэлтэй бол Даланзадгад сумын холбоос зам нь үндсэн замаас тусдаа хэсэгт байрлана. Баяндалай – Даланзадгад чиглэлийн авто замаас Даланзадгад сумын нисэх онгоцны талбайн авто замыг холбох холбоос зам болно.
Төлөвлөж буй авто зам нь босоо тэнхлэгийн авто зам бөгөөд аялал жуулчлалын үндсэн зорилготой. Үүний дагуу судалгаа хийж гүйцэтгэх үед авто зам дагуу 10 байрлалд амралт жуулчны баазууд байх ба уг трасс нь Баянзаг, Хонгорын элс зэрэг байгалийн цогцолбор газруудад хүргэх зам болох юм.